МОНГОЛ УЛС БА НЭМЭЛТ ПРОТОКОЛ – ҮГИЙГ ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОХОД ТУЛГАРАХ БЭРХШЭЭЛ БОЛОН БОЛОМЖ БОЛОЛЦОО (Mongolian)

Munkhzul Khulrelbaatar and Amy Rogers

 

 

 

Нийтлэл бичсэн: Эми Рожерс, Хүрэлбаатарын Мөнхзул

Amy Rogers and Munkhzul Khurelbaatar reflect on the challenges and potential of using the Optional Protocol to the Convention on the Elimination of All Forms of Discrimination against Women in Mongolia.  Click here to read the post in English.

Монгол Улс 2002 онд Эмэгтэйчүүдийн эсрэг Ялгаварлан Гадуурхалтын Бүх Хэлбэрийг Устгах тухай Конвенцийн Нэмэлт Протоколыг (цаашид “Нэмэлт Протокол” гэх) соёрхон баталсан эхний улсуудын нэг юм. Хэдийгээр Монгол Улс нь олон улсын үндсэн бүх гэрээ конвенц, нэмэлт протоколд нэгдэн орох хүсэл тэмүүлэлтэй ч Нэмэлт Протокол болон олон улсын бусад хүний эрхийн гэрээний дагуух гомдол хүлээн авах болон нээлттэй хянан шалгалт хийх нэмэлт механизмыг хараахан хүлээн авч бий болгоогүй байна.

Монгол Улс дахь жендэрийн ялгаварлан гадуурхалт

ба тэгш бус байдал

Сүүлийн жилүүдэд Монгол Улс эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт болон тэдний эрх тэгш байдлыг хангах асуудлаар хууль тогтоомж, бодлого шийдвэрийг батлан ахиц дэвшил гаргаж байгаа нь талархууштай байна. Тухайлбал Жендэрийн Үндэсний хороо нь Ерөнхий Сайдын Ажлын албаны жендэрийн бодлого хэрэгжүүлэх бүхий зөвлөлдөх байгууллагын хэлбэрээр  2005 онд байгууллагдсан. Тус Хороо нь хязгаарлагдмал нөөцтэй хэдий ч Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулахад манлайлж оролцсон бөгөөд 2011 онд уг хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Тус хуулиар улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг ханган хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн юм. Түүнээс гадна Хүний эрхийн Үндэсний Комисст тус хуулийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаар хоёр жил тутам УИХ-д тайлагнах, мөн жендэрийн ялгаварлан гадуурхалтын асуудлаарх гомдол хүлээн авах, шийдвэрлэх мандатыг олгосон.

Энэ оны 1 дүгээр сард Монгол Улсын Засгийн газраас тус хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг эхлүүлж байгаа нь сайшаалтай байна. 

Хэдийгээр Монгол улс нь энэ асуудлаар эерэг хандлага, хүсэл тэмүүлэлтэй байлаа ч хуулийн хэрэгжилт, нийгэм дэх өөрчлөлтгүйгээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох үл ялгаварлан гадуурхалт, жендэрийн тэгш байдлыг дан ганц хуулиар хангаж чадахгүй. Монгол эмэгтэйчүүд Нэмэлт Протоколыг хэрэглэснээр жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт алга болчихно гэсэн үг биш гэдгийг хэлэхэд илүүдэх биз. Хэрэв Монгол Улсын Засгийн газар Эмэгтэйчүүдийн эсрэг Ялгаварлан Гадуурхалтын Бүх Хэлбэрийг Устгах тухай Конвенц (ЭЭЯГБХУТК) ба түүний Нэмэлт Протоколын дагуу гомдол гаргах болон нээлттэй хяналт шалгалт хийх механизмыг хөхиүлэн дэмжвэл магадгүй ЭЭЯГБХУТК-аар баталгаажсан эрхээ шаардах эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэхийг бид үгүйсгэхгүй.    

Харамсалтай нь жендэрийн холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилт үнэхээр сул байна. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн 2013 оны дунд хугацааны үнэлгээнд Зориг Сан, “…хууль баталснаар жендэрийн тэгш байдлыг хангахгүй. Энэ асуудлаар хүмүүсийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих механизмыг хөхиүлэн дэмжих нь чухал юм” гэж дурдсан байна. Тухайлбал Шинэчлэлийн Засгийн газраас эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг онцгой анхаарч  энэ чиглэлээр хууль тогтоомж, бодлого хөтөлбөр гарган ажиллаж байгаа ч ажлын байр, гэр бүлийн орчин, гудамж талбайд эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үйлдэгдсээр байна. Үүгээр ч зогсохгүй хүний наймааны асуудал багасахгүй, дарамт хүчирхийлэл нь Монгол эмэгтэйчүүдийн хувьд байдаг л нэг үзэгдэл болсон хэвээр байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь нуугдмал гэмт хэрэг

Эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх явдал их байгаа нь санаа зовниож байна бөгөөд 5 эмэгтэйн 1[1] нь энэхүү нийгмийн сөрөг үзэгдэлд өртөж байна. Энэ нь баян ядуу гэлтгүй нийгмийн бүх давхаргыг хамаарч байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2005 онд батлагдсан ч тус хууль нь цоожтой хаалганы цаана байгаа эмэгтэйчүүдийн эмзэг, сул дорой нөхцөл байдлыг засаж залруулж, арилгаж чадахгүй байна. ГБХТТ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41  шийдвэрийг шүүх гаргасан ч тэдгээр шийдвэрүүдийн нэг нь ч биелээгүй байна[2]. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хуулийн зөвлөгөө, нөхөн олговор болон эмчилгээний асуудал нь орхигдсон хэвээр байна. 

Байнгын хүчирхийлэл дарамтанд байгаа хохирогчийг хамгаалах хуулийн үйлчлэл, бодит хамгаалал сул  байгаагаас гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон олон эмэгтэйчүүд шоронд ял эдэлж байна.  Ийнхүү олон жилийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэхдээ гэмт үйлдлийг сонгон ял  эдэлж буй эмэгтэйчүүдийн тоо харьцангуй их (2012 оны 11 дүгээр сарын байдлаар 381 эмэгтэй шоронд ял эдэлж байгаагын 62 нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бөгөөд нөхөр эсвэл хамтран амьдрагчынхаа амийг хороосон) байна. Түүнээс гадна шүүх эдгээр хэргийг шийдвэрлэхдээ олон жилийн хүчирхийлэл дарамтыг харгалзахгүйгээр өөр бусад шалтгаанаар хүний амь нас хохироосон этгээдтэй адил хүнд ялыг оногдуулж байгаа нь харамсалтай байна. Үүнээс үзэхэд дотны хамтрагчаа хороох явдал нь гэмт хэргийн ял шийтгэлийг бууруулах хүчин зүйл болохгүй байна. 

Цагдаагийн байгууллагын статистик мэдээ үзвэл 2012 онд 534 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч/амьд үлдэгч гэж мэдээлсэн бөгөөд энэ тоо нь 2010 онд 284 эмэгтэй, 2011 онд 420 эмэгтэй тус тус ийм тохиолдлоор мэдээлснийг харахад ихэссэн байна. Гэсэн ч хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаагийн байгууллагад төдийлөн хандаж, мэдэгдэхгүй байх явдал мөн энэ асуудалд хандах нийгмийн сэтгэл зүйтэй холбоотойгоор энэхүү тоо нь илүү ч их байх магадлалтай юм.

Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв нь Монгол дахь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод гол үйлчилгээ үзүүлдэг ТББ билээ. Тус төв нь  Улаанбаатар хотод байрлах ганц хамгаалах байрны (дөрвөн хамгаалах байр байгуулагдсан ч хөрөнгө санхүү байхгүй улмаас ажиллагааг нь түр зогсоосон) үйл ажиллагааг явуулж буй төрийн бус байгууллага юм. Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв жилд дунджаар 800-1200 хүнд хамгаалалтын болон хуулийн зөвлөгөө өгч үйлчилдэг.

 Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг Засгийн газрын анхаарлыг татах, үүнд хөрөнгө хүч зарцуулах хэмжээний ноцтой асуудал биш гэж үздэг байв. Харин энэ асуудлаарх хэргийн тоо баримт нэмэгдэж, тогтвортой нөлөөллийн үйл ажиллагааны үр дүнд одоогийн Засгийн газар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг үнэхээр анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлж байна.  Хэдийгээр ахиц дэвшил гарч байгаа ч бэлэгдлийн чанартай Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх техникийн, санхүүгийн болон хүний нөөц дутмаг хэвээр байна. Хүний эрхийн Үндэсний Комисс, ХЭҮТ нь эмэгтэй парламентын гишүүдтэй  хамтран ажиллаж гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын хамгаалах байранд шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт суулгаж өгөх замаар санхүүжүүлэх  асуудлаар нөлөөллийн ажил хийж байна.

Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг устгах Хороо (ЭЭЯГУХ) нь Монгол Улсад өгсөн дүгнэлт зөвлөмжид энэхүү асуудлыг анхааралдаа авахыг хэд хэдэн удаа хүссэн байгаа. Харамсалтай нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилт сул байгааг Хүний эрхийн Үндэсний Комисс 2013 оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ дурдсан байна.

Нэмэлт Протоколыг хэрэглэхэд Монгол эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээл

Монголын нийгэмд жендэрийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт байсаар байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл Монгол эмэгтэйчүүд Нэмэлт Протоколыг хэрэглэхгүй байна. Монголд байгаа эмэгтэйчүүд Нэмэлт Протоколыг хэрэглэхгүй байгаа хамгийн тодорхой шалтгаануудын нэг бол ихэнх эмэгтэйчүүд тус Конвенц ба хувь хүний харилцах журам (гомдол гаргах) болон Конвенцоор баталгаажсан эрх нь зөрчигдвөл эрхээ сэргээлгэх боломжийг олгох нээлттэй хянан шалгалтыг хийх боломжтой байдлыг олгосон Нэмэлт Протоколын талаар ойлголтгүй байгаа явдал юм.

Одоогийн Парламент олон улсын гэрээ конвенцийг соёрхон батлах их хүсэл тэмүүлэлтэй байгаа ч олон улсын гэрээ конвенцийн өмнө хүлээсэн Монгол Улсын үүрэг, амлалтын ач холбогдлын талаар засгийн газар, олон нийт, шүүх засаглал нь ойлголтгүй байна. Энэ нь Гадаад Харилцааны Яам болон Засгийн газрын бусад байгууллагын хооронд уялдаа холбоо сул байгааг харуулж байна. Тухайлбал шүүхийн ажилтнууд гэрээ конвенцийг хэрэгжүүлэх талаар мэргэшээгүй, магадгүй тэд гэрээ конвенцийн үнэн зөв орчуулгыг авч ашиглах боломжгүй байдаг байх. Гэр бүлийн хүчирхийллийн хувьд ихэнх шүүгчид ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж буй шүүгчид хохирогчид/амьд үлдэгч нарыг харгис хэрцгий нөхөр, хамтран амьдрагчаас нь хамгаалах аюулгүй байдлыг хамгаалах шийдвэр гаргах тухай ЭЭЯГУТК-ын зүйл заалтыг практикт нэвтрүүлэх үүднээс дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулдаг талаар ойлголтгүй байна. Үүний улмаас сүүлийн хоёр жил хагасын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 37 хүн амь насаа алдаж, дөрвөн хүн амиа хороосон байна. Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг устгах Хорооны 2008 оны Монгол улсад өгсөн зөвлөмж дүгнэлтэд тус Конвенцийн талаарх ойлголт сул байгаа асуудалд Хороо санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.

НҮБ-ын гэрээний байгууллагын өгсөн аливаа зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт итгэл үнэмшил сул байгааг бусад ТББ-ууд мэдээлэв. 2006 онд хүний наймааны нэгэн хохирогч/амьд үлдэгчийг НҮБ-ын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчид гомдол гаргахад нь ХЭҮТ туслалцаа үзүүлсэн юм. Гэсэн ч Засгийн газар тухайн гомдлын дагуу НҮБ-ын Тусгай илтгэгчид одоо хүртэл хариу өгөөгүй байгаа явдалд гомдол гаргагч болон гомдол гаргахад оролцсон хүмүүс сэтгэл гонсгор байна. Гэсэн ч НҮБ-ын механизм нь харилцан адилгүй байдаг. Зарим механизм нь тодорхой улс орнуудад бусад механизмаа бодвол илүү нөлөөтэй байж болох бөгөөд нэг механизмын дагуу өгөгдсөн зөвлөмжүүд нь бусад зөвлөмжөө бодоход хэрэгжих илүү боломжтой байх жишээтэй.  

Нэмэлт Протоколыг Монгол эмэгтэйчүүд ашиглах боломж, бололцоо

Нэмэлт Протокол нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, системчилсэн ялгаварлан гадуурхалт болон жендэрийн тэгш бус байдал зэрэг ЭЭЯГБХУТК-ыг зөрчиж буй асуудлыг гаргаж ирэхийг  Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй олон улсын шахалтанд нэмэлт түлхэц болж байна.

Хороо нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлаарх гомдлыг хянан шалгах арвин туршлагатай бөгөөд хувь хүний гомдлын дагуу нилээдгүй олон шийдвэр гаргасан. Тэдгээрийн шалгадаг хэргүүдийн зарим нь Монгол дахь гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдтэй маш төстэй шинж чанартай байдаг байна. Тухайлбал шүүгчийн буруугаас болж гэр бүлийн хүчирхийллийн хохирогч амь насаа алдсан нэгэн хэрэг гарсан юм. Хэрэв шүүгч тухайн хохирогчид аюулгүй байдлыг хамгаалах шийдвэр гаргаж өгсөн бол магадгүй тэрээр амьд үлдэх боломжтой байсан байх. Тус хэргийн тухай шүүхийн эцсийн шийдвэрийг ХЭҮТ хүлээж сууна.  Энэхүү хэрэг нь 2011 онд болсон бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох бүсгүй салах өргөдлөө эцэслүүлэхээр шүүхрүү явж байх замдаа нөхрийнхөө гарт амиа алдсан юм. Харгис, хэрцгий нөхөртэйгээ эвлэрэх хугацаагаа заавал дуусгахын тулд хамгаалах байрнаас явахыг шүүхээс түүнд захирамж гаргажээ. Хэрэв шүүх хохирогчийн гэр бүлд олгох зохих нөхөн олговрыг олгож чадахгүй бол энэхүү хэргийг Хороо нь хувь хүний гомдлын механизмын дагуу шалгах бололцоотой юм. Түүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах шүүх засаглалын дутагдалтай байдал болон шүүхийн хүрээнд эмэгтэй хохирогчдыг ялгаварлан гадуурхалт тархсан байдлыг харгалзан ХЭҮТ зэрэг ТББ-ууд Хороог нээлттэй хянан шалгалтын механизмыг ашиглан гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хянан шалгалт Монгол Улсад явуулах тухай хүсэлт явуулж болох юм. 

Нэмэлт Протоколыг хэрэглэх нь дотоодын шүүхийн систем ажилладаггүй гэсэн үг огт биш юм. Харин энэ нь дотоодын бүх шүүх тогтолцоогоор төдийлөн зохистой шийдвэрлэгдэдгүй энэхүү ноцтой, тархсан асуудлыг гаргаж ирэх индэр болох юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээний байгууллагын тогтолцоо нь ямар ч сайн хүсэл тэмүүлэлтэй байлаа ч бүх улс орон хүний эрхийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй тулгардаг гэдгийг урьдчилан таамагласан байдаг. Жендэрийн асуудлыг төдийлөн гаргаж ирдэггүй Монгол Улсын туршлага болон Хорооны 23 гишүүдийн туршлага, мэргэшлийг харгалзан үзвэл Монгол Улс эдгээр гишүүдийн үзэл бодол, туршлагаас суралцаж болох юм. Ялангуяа Монгол Улс хуулийн тогтолцоогоо боловсронгуй болгож байгаа өнөө үед жендэрийн мэдрэмжтэй хууль тогтолцоог бий болгоход Хорооны тусламж дэмжлэг авах таатай боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар дотоодын хууль тогтоомжоор дамжуулан ЭЭЯГБХУТК-ийг хэрэгжүүлэх үүрэг бүхий засгийн газрын байгууллагууд, шүүхийн ажилтнууд болон ТББ-уудад сургалт явуулж ЭЭЯГБХУТК болон түүний Нэмэлт Протоколын талаар ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Монгол Улс НҮБ-ын гэрээний байгууллагын тогтолцоотой илүү ойр ажиллахад нэн тохиромжтой цаг үе нь ирээд байна. Учир нь Монгол Улс хуулийн шинэчлэл хийж байгаа мөн олон улсын улс төрийн хувьд Монгол Улс НҮБ-ын тогтолцооноос тусламж дэмжлэг, зөвлөгөө авах хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэх нь 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход тус нэмэр болох юм. Хамгийн гол нь энэхүү НҮБ-ын тогтолцоотой Монгол Улс илүү ойр хамтран ажилласнаар Монгол эмэгтэйчүүд өөрсдийн хүний эрхийг эдлэх, шаардах чадвараа сайжруулах боломжийг олгох юм.    

­­­­­­­­­­__________________________________________________________________

Хүрэлбаатарын Мөнхзул нь эрх зүйч бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргаар ажиллаж байна. Өмнө нь тэрээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хуулийн зөвлөгөө болон хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв ТББ-д Хуулийн шинэчлэлийн хэсгийн зохицуулагчаар ажиллаж байсан.

Эми Рожерс нь Австралийн хүний эрхийн хуульч бөгөөд одоогоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст Хүний эрхийн боловсрол хариуцсан ажилтнаар ажиллаж байна. Өмнө нь Эми Австралийн Хүний эрхийн Комисс болон GetUp!-т ажиллаж байсан. 

Талархал 

Энэхүү өгүүллийг орчуулсан Төмөртогоогийн Ариунаа болон үнэтэй хувь нэмрээ оруулсан Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүдийн Клуб, Зориг Сангийн ажилтан Батхуягийн Золзаяа, Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төвийн Нордогжавын Арвинтариа болон Мижиддоржийн Мөнхсаруул нарт талархлаа илэрхийлэе. 

Photo: Хүүтэйгээ нарлаж буй ээж, Яармаг дахь гэр хороолол, Улаанбаатар. Зурагчин Марэйкэ Гүэншэhttp://mareikeguensche.wordpress.com/


[1] НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос 2009 онд хийсэн “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа”-нд 6894 эмэгтэй оролцсоны 19% буюу 1/5 нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч байсан гэж мэдээлжээ.

[2] Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төвийн 2009 онд гэр бүлийн хүчирхийллийн хэргийн талаар хохирогчын аюулгүй байдлыг хамгаалах шүүхийн шийдвэр дээр хийсэн дүн шинжилгээ.

Advertisements

One thought on “МОНГОЛ УЛС БА НЭМЭЛТ ПРОТОКОЛ – ҮГИЙГ ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОХОД ТУЛГАРАХ БЭРХШЭЭЛ БОЛОН БОЛОМЖ БОЛОЛЦОО (Mongolian)

  1. Pingback: Mongolia and the Optional Protocol- challenges and potential to move beyond empty rhetoric | How to Make it in Mongolia

Comments are closed.